Wednesday, September 14, 2011

Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Эр хүнийг та нар хаяа ч гэсэн хайрлаач
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээ
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эрчүүдийг та нар хаяа ч гэсэн хайрлаач
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээ

Хэл нь тагнаагаа олохгүй тультчиж
Хөл нь дэлхийгээ олохгүй тэмтчиж
Хаяа нэг халанцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж халаасыг нь битгий хоослоо
Янагийн захиа лав гарахгүй шүү дээ наанаас чинь
Яахав дээ хөөрхий шараа тайлах юмыг нь үлдээ
Дээл бүсэн гоёлтой дээрээ малгай хийморьтой
Андынхаа дэргэд цовоожиж аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхарсан эрчүүдийг Янжинлхамууд минь өршөө
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Төгөлдөр их урмыг бүр хугалчихвал
Төрсөн шигээ урвуугаа хараад уначихдаг юм
Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлон дээр
Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах вэ
Хазайсан газар тэдэнд чинь бүүвэй ээжий түшиг болдог юм
Хальтарсан газар тэдэнд чинь бүсгүй хайр нөхөр болдог юм
Өөрийг чинь ээж болгосон хүний дээд юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон эрийн тэнгэр юм шүү дээ
Эр хүнийг та нар хаяа ч гэсэн хайрлаарай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүлээ
Олон олон авайл гэргий та нараас
Олон олон аавын хөвгүүдийг
Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо
Өөрийн минь биеийг битгий болгоо
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хаяа ч гэсэн хайрла
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл Янжинлхамууд минь.

No comments:

Post a Comment