Tuesday, February 1, 2011

Бизнесийн туршиж болохгүй 10 Алдаа


Бид өмнөх дугаараараа “Зүглэх ч хэрэггүй 10 газар”-ын тухай уншигчиддаа хүргэж байсан. Тэгвэл энэ удаа эрхэм бизнесмэнүүддээ алтнаас ч илүү үнэтэй зөвлөгөө хүргэхээр бэлдлээ. Та ямар ч бизнес эрхэлдэг байж болно. Хамгийн гол нь таны бизнесийн бодлого зөв байх ёстой. Бүгдээрээ хамтдаа энэ гарцыг хайцгаая.

Дэлхийн алдартай бизнесмэнүүдийн дампууралд хүргэсэн алдаанууд дунд хэтэрхий утгагүй, бүр онигоо шиг зүйлүүд ч байдаг. Тиймээс эрхэм бизнесмэн та жижиг ч гэсэн алдаатай зүйл хийхгүй байх нь чухал. Та бүхэндээ дэлхийн хамгийн хөгжилтэй бөгөөд сургамжтай 10 түүхийг толилуулж байна.


1. Томоохон компаниудын дийлэнхи нь ажилчдынхаа гадаад байдалд анхаарал хандуулдаг. Үүгээрээ бусдыг хол давсан компани “Дисней” корпораци. “Диснейлэнд”-ын ажилчид “Микки-Маус” зэрэг хүүхэлдэйн киноны баатруудын хувцас өмсөхөөс гадна хүүхэлдэйн киноны зурагтай дотуур хувцас өмсөх ёстой байж. Өглөө бүр ажилчдаа ирэхэд нь дотуур хувцсыг нь өмсүүлж, угаалга, цэвэрлэгээг нь ”Дисней” компани өөрөө хариуцдаг байж. Гэвч хэсэг хугацааны дараа дотуур хувцас эрүүл ахуйн шаардлага хангахгүй, элдэв төрлийн өвчин тараах болсон нь компанийн нэр хүндэд муугаар нөлөөлж эхэлсэн байна. Тиймээс Ажилчдын холбооноос шаардлага тавьсанаар компанийн тусгай үйлчилгээний ажилчид л дотуур хувцас өмсдөг болсон ба өөрсдөө угааж цэвэрлэхээр болжээ.


2. Хөгтэй гэмээр нэгэн явдал Финляндын “Textile of the Future” хуралдаан зохион байгуулагчдад тохиожээ. Тэд уг хуралд Дэлхийн Худалдааны Байгууллагын төлөөлөгчийг урихаар хүсэлтээ уламжлахдаа албан ёсны сайт руу нь урилгаа илгээхийн оронд “Глобалчлалын эсрэг хөдөлгөөн”-ийхний сайтанд андуураад явуулчихаж. Дээрх захиаг аваад уурссан хөдөлгөөнийхөн урилгыг Америкийн алдарт хошин шогч Энди Бихльбаумд өгөхөд тэрээр ДХБ-ын “хуурамч” төлөөлөгчийн дүрд хувирч Абрахам Линкольн, Махатма Гандигийн бодлогыг шүүмжилсэн урт удаан илтгэл тавьсныхаа эцэст сүүлийн үеийн шинэ нээлтийг олон нийтэд танилцуулсан байна. Энэ нь “Менежментийн Чөлөөт цаг”-ийн хувцас хэмээх алтан шаргал өнгөтэй бие барьсан аварга том хийлдэг эрхтэнтэй хувцас байжээ. Уг хийлдэг эрхтний толгойд байрлуулсан дүрс гаргагчаар “Менежерүүд алслагдсан ажилчидтайгаа холбоо тогтоох боломжтой”, “Залхуурсан ажилчиддаа цахилгаан тогоор цохих боломжтой” хэмээн танилцуулжээ. Хамгийн хөгтэй нь хуралдаанд оролцсон 150 оролцогч бүгд дээрх санааг дэмжиж, нижигнэсэн алга ташилтаар мялаахаас гадна Тампере хотын хамгийн том сэтгүүлд энэ талаарх магтаалын өгүүлэл бичигджээ. Харин Бихльбаум тоглоом шоглоом хийснээ олон нийтэд албан ёсоор мэдэгдсэний дараа энэ бүхэн нь зохион байгуулагчдын алдаа байсныг хүмүүс олж мэджээ. Ийнхүү залхуу, хайхрамжгүй ажилтнаас болж олон улсын томоохон хурал үр дүнгүй болж, тэд цаашид имэйлээр ажил хэрэг явуулахыг хорьсон байна.


3. Дэлхийн 65 оронд 11 мянган сүлжээ түргэн хоолны газартай АНУ-ын “Бургер Кинг” компани олон нийтэд компанийхаа нэр хүндийг өсгөх, сенсааци дэгдээж ашиг орлого олохын тулд “Багийнхаа нэгдмэл санааг дээшлүүлэх” нэртэй арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Тэд энэ удаа менежментийн шинэ аргадаа өөрсдийн ажилчдаа ашиглахаар шийдсэн аж. Маркетингийн албаны “ухаантай” дарга нар хөгтэй, хөгжилтэй олон ажил сэдсэний хамгийн аймшигтай нь ажилтнуудаа цогтой нүүрсэн дээгүүр хөл нүцгэн алхуулах байв. Өндөр цалинтай ажлаа алдахыг хүсээгүй 10 гаруй менежер цогтой нүүрсэн дээгүүр хөл нүцгэн алхаж хүнд түлэгджээ. Өөрсдийн нэр хүндийг өсгөхийг хүссэн алхам нь эсрэг эргэж харгис хэрцгий компани хэмээн цоллогдох болж бараа бүтээгдэхүүний борлуулалт нь буурч чамгүй хохирол амссан байна.


4. Дэлхийд алдартай “МакДональдс” компани 11 жилийн өмнө бүх хоолоо ургамлын тосонд хайрдаг хэмээн албан ёсоор мэдэгдсэнээр эрүүл зөв хооллолтыг хүсдэг хүмүүс “МакДональдс”-ийн үнэнч фен болж байв. Гэтэл тун удалгүй тус компанийн менежер нь хоолондоо хэрэглэдэг алдарт ургамлын тосны орцонд үхрийн өөх ордог хэмээн ам алджээ. Ийнхүү чалчих дуртай менежерийнхээ санаандгүй унагасан үгнээс болж алдарт түргэн хоолны сүлжээ компани чамгүй алдагдал хүлээсэн ба хамгийн аюултай нь хэрэглэгчдээ хуурдаг “Хуурамч компани” гэсэн нэрийг олон нийтээс хүртсэн байна. Тиймээс энэ явдлын дараа “МакДональдс”-ын удирдлагын зөвшөөрөлгүйгээр ямарч менежер олон нийтэд хандан үг хэлэхийг хорьжээ.



5. Банк санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг “Карлайл” группын бизнес хамтрагч Питер Чанг тус группээс хувьцаа эзэмших боломжтой болж тушаал дэвшжээ. Тэрээр шинэ, том албан тушаалд суусандаа хөөрч, гаргасан амжилтаараа сайрхсан захидлыг найзууддаа хүргэсэн байна. “Том” дарга захидалдаа шинэ компанид уулзаж учирсан “халуухан охидын” тухай ний нуугүй бичиж, захиагаа “Өөрийн эзэмшил дахь хаан Чанг” хэмээн нэрлэжээ. Түүний илгээсэн дээрх захиа найзуудаар нь дамжин эцэст нь “Карлайл” группын ерөнхийлөгч, бас өөрийнх нь гэр бүлд хүрчээ. Ингээд онгирох дуртай, дээр нь ам султай Чанг дарга ажлаасаа халагдаж, бас ганц бие болж юу юу ч үгүй үлдсэн байна.


6. Ажилчдаа ажлын цагаар ном сэтгүүл үзэж, интернетээр аялж ажлын цагаа үрэхийг таслан зогсоох арга хэмжээнүүдийг олон албан байгууллагын удирдлага явуулдаг билээ. АНУ-ын томоохон сүлжээний дэлгүүр Вол-Март ч мөн ялгаагүй ажилчид ажлын цагаараа хайр дурлалын өгүүлэл уншиж, сэтгэл хөөрлийн байдалтай байдгийг олж тогтоожээ. Тиймээс компанийн удирдлага ажил дээрээ “Сээтэгнэсэн харц, шалиг онигоо” ярихыг мөн “дотно харьцаа үүсгэх байдлаар” биеэ авч явахыг хориглосон байна. Гэвч компанийн ажилчид үүнийг эсэргүүцэж улмаар энэ хэрэг шүүхэд хүрчээ. Харин шүүхээс энэ дүрэм нь амьдралд хэрэгжих боломжгүй гэсэн шийдвэрт хүрч, сэтгэл санааны хохирол учруулсан олон зуун ажилчиддаа нөхөн олговор төлсөн байна. Тиймээс ажилчид ажлын цагаараа бага ч болов амарч, бие биетэйгээ сээтэгнэж байх нь зайлшгүй гэдгийг одоо бүх удирдлага ойлгох байх.


7. Жижигхэн боловч хайхрамжгүй алдаа маш их хэмжээний хохирол учруулж болдог нэгэн жишээг дурдья. Токиогийн хөрөнгийн бирж дээрх Японы Мизухо Секьюритис компанийн хувьцаа борлуулагч компьютерийн товчлууран дээр ганц тоо алдсаны улмаас компанийхаа 610 мянган хувьцааг нэгхэн иенээр зарсан байна. Угтаа бол нэг хувьцааг 610 мянган иенээр зарах байсан юм. Ингээд тэр дор нь алдааг олж илрүүлсэн ч Токиогийн хөрөнгийг бирж энэ захиалгыг биелүүлэхийг шаардаж, Мизухо Секьюритис компани 200 сая долларын хохирол амсчээ. Энэ нь тус компанийн нэг жилийн цэвэр ашиг байсан юм. Энэ тохиолдолд хувьцааг худалдан авсан хүн хожиж, ажилтныхаа жижигхэн алдаанаас болж хөөрхий компани л хохирч үлдсэн байна.


8. Одоо цагт компаниуд шинэ бизнес санаа, шинэ бараа үйлчилгээгээр өөр хоорондоо өрсөлдөж, элдэв маркетингийн ажиллагаа зохион байгуулдаг болжээ. Гэхдээ хэтэрхий өвөрмөц санаанууд эргээд компанид том хэмжээний хохирол авчирдагийг олон жишээ харуулж байна. 100 гаруй жилийн түүхтэй дэлхийн гурав дахь том хүнс, нарийн боовны компани болох Америкийн “Крафт фудс” компани шинэ төрлийн резинэн чихрийг худалдаанд гаргав. Шинэ чихрийг борлуулах сурталчилгаа нь шөнийн цагаар зам гарч явсан өхөөрдөм хөөрхөн амьтад ойртон ирж байгаа машины гэрэлд цочсоноор дуусаж байв. Сурталчилгааны үргэлжлэлийг чихрийг задалж үзсэний дараа хүн бүр ойлгожээ. Учир нь нөгөөх машинд дайруулсан чихэр нь могой, хэрэм, дэгдээхэйнүүдийн дүрстэй байв. Хүчирхийллийг сурталчилсан энэхүү чихрийг дэлхий нийтээрээ эсэргүүцэж, сүүлдээ компани энэ чихрийг үйлдвэрлэлтээс хасахаас өөр аргагүй болж их хэмжээний хохирол амсчээ.


9. Ирээдүйд маш их амжилт авчрах боломжтой шинэ санаа, шинэ өөрчлөлтийг хүлээж авахаас эмээдэг удирдлага, компани олон байдаг. Тэдний нэг нь Английн Декка Рекордс бичлэгийн студи. 1962 оны 1 сарын 1-нд тус студид дөрвөн залуу өөрсдийнхөө чадварыг үзүүлсэн ч тус компанийн ерөнхий продюсер Дик Роуи тус хамтлагийг ивээн тэтгэхээс татгалзсан нь хөгжмийн ертөнц дахь хамгийн алдартай түүх болон үлдсэн юм. Учир нь Декка Рекордсын татгалзсан хамтлаг нь удахгүй Английг бүү хэл дэлхийг дагуулах алдарт “Битлз” хамтлаг байсан юм. Дэлхийн хөгжмийн түүхэн дэх хамгийн алдартай Билтз хамтлаг өөртэй нь гэрээ хийсэн ЭМИ бичлэгийн студид асар их ашиг авчраад зогсохгүй, ЭМИ компани сүүлдээ Битлзийн пянзны үйлдвэрлэлтээ дийлэлгүй өөр компаниар хувилуулж байсан түүхтэй.


10. Тоглоом тоотой нь дээр гэсэн үг байдаг байх аа. Америкийн Лос-Анжелес хотын КБДС радиогийнхон 4 сарын 1-нд сонсогчдынхоо дунд тэргүүн байрны шагналт тэмцээн явуулж, шагналд нь Хаммер Х2 машиныг өгнө гэж зарлажээ. Энэ тэмцээнд олон хүн оролцож эцэст нь нэгэн бүсгүй ялагчаар тодорсон байна. Хүүхдээ ганцаар өсгөдөг өрх толгойлсон уг бүсгүй шагнал авах өдрөө хүлээн үлдсэн мөнгөөрөө хүүхдийн асрагч хөлслөн, такси хөлөлгөн КБДС радиогийн байранд ирсэн боловч түүнд тоглоомон Хаммер Х2 машины алсын удирдлагыг гардуулан өгсөн байна. Сэтгэл санааны гүн цохилтонд орсон уг бүсгүй радио компанийг шүүхэд өгч одоогоор 30 мянган доллар нэхэмжилж байгаа гэнэ.

No comments:

Post a Comment