Thursday, February 24, 2011

Факторинг буюу бусдын авлагыг худалдан авах

Түүхэн болон хэлзүйн хувьд "Факторинг" нь "factor" гэсэн англи үгнээс гаралтай бөгөөд эхэндээ фактор нь хоёр этгээдийн хоорон дахь худалдааны төлөөлөгч, зуучлагчийн үүргийг гүйцэтгэж байгаад, явц дундаас нийлүүлэгч нь өөрийн хэрэглэгчдээ нийлүүлсэн бараа, үйлчилгээний авлагыг цуглуулах эрхийг факторт өгч фактор нь урьдчилгаа төлбөр хийх, энэ үйлчилгээнээс шимтгэл авах замаар одоогийн санхүүгийн үйлчилгээний нэгэн төрөл болжээ.
Зах зээлийн эдийн засагтай орнуудад жижиг, дунд үйлдвэр хөгжихөд тухайн бизнесийн байгууллага нь өөрийн хэрэглэгчдийн худалдсан бараа, ажил үйлчилгээний төлбөрийг хурдан хугацаанд авах явдал нь бизнесээ цааш хөгжүүлэх, худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх, шинэ бизнест хөрөнгө оруулах зэрэг чухал ач холбогдолтой юм. Иймээс өөрийн худалдсан бараа, ажил үйлчилгээний төлбөрийг /нэхэмжлэлийн үнийн дүнг/ орж ирэхийг удаан хугацаанд хүлээх нь тухайн бизнест ашиггүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа гуравдагч этгээд буюу факторт худалдах нь бизнесээ хэвийн авч явах боломжийг олгодог байна. Факторинг гэдэг нь бусдын авлагыг худалдан авах буюу факторын үйлчилгээ үзүүлэгч-фактор нь өөрийн харилцагчаас тухайн харилцагчийн хэрэглэгч буюу худалдан авагчийн худалдан авсан бараа, ажил үйлчилгээний харилцагчид төлөгдөх ёстой хүлээгдэж буй мөнгөн төлбөрийн хүрээнд харилцагчаас тухайн авлагыг / хүлээгдэж буй нэхэмжлэлийн шаардлагыг / худалдан авч, харилцагчдаа урьдчилгаа төлбөр хийх санхүүгийн үйлчилгээний нэг төрөл юм.

Өөрөөр хэлбэл, энэ харилцаанд факторингийн үйлчилгээ үзүүлэгч-фактор, энэ үйлчилгээг хүлээн авагч-харилцагч, харилцагчаас бараа, ажил үйлчилгээг худалдан авагч буюу харилцагчийн хэрэглэгч гэсэн 3 субъект оролцдог байна. Факторингийн үйлчилгээ нь жижиг, дунд бизнесийг дэмжих чухал санхүүгийн хэрэгсэл болохын хувьд хэрэглэгчийн зөвхөн өөрийн бизнест зориулан худалдаж авсан бараа, ажил үйлчилгээ /хэрэглэгч өөрийн хувийн хувийн хэрэгцээнд бус/, түүний хүлээгдэж буй өглөг, харилцагчийн хувьд хүлээгдэж буй авлагатай холбогдон үүсдэг харилцаа юм.
Дотоодын хуулийн зохицуулалт:
Манай улсын Иргэний хуулийн 123 дугаар зүйлд энэ төрлийн харилцааг илүү өргөн утгаар буюу 2 субъектийн хооронд үүссэн үүргийн гүйцэтгэлтэй холбоотой харилцаанд үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэгдээгүй үлдсэн аливаа үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх, түүнээс гарах үр дагаврыг зохицуулахаар заасан байна. Эндээс авч үзвэл шаардах эрх шилжүүлэх тухай ойлголт зөвхөн санхүүгийн харилцаанд ч бус үүрэг гүйцэтгэхгүүлэхтэй холбоотой бүх төрлийн харилцааг хамарч болох өргөн ойлголт юм.
Тэгвэл бидний авч үзэж байгаа санхүүгийн харилцаан дахь шаардах эрх шилжүүлэх хэлбэр болох факторингийн үйлчилгээ нь Иргэний хуулийн ерөнхий агуулгын хүрээнд, цаашид нарийвчлан зохицуулсан хуулиар зохицуулагдах харилцаа юм. 2003 оны 2 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулиар факторингийн үйлчилгээ нь санхүүгийн үйлчилгэзний нэг төрөл болохынхоо хувьд Монгол банкнаас энэ үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл авсан банк бус санхүүгийн байгууллагын эрхлэх үйл ажиллагаа байхаар хуульчлагдсан байна.
Мөн хуулийн 4 дүгээр зүйлд “Факторингийн үйлчилгээ” гэж зээлдүүлэгч буюу үүрэг гүйцэтгүүлэгчээс мөнгөн төлбөрийн үүргийг шаардах эрхээ гуравдагч этгээдэд бүхэлд нь худалдах / шилжүүлэх/, энэхүү эрхийг хүлээн авагч нь эрхээ хэрэгжүүлэх болон үүсэн гарах үр дагаврыг бүхэлд нь хариуцах үйл ажиллагааг хэлнэ гэж заажээ.
Факторингийн үйлчилгээний төрөл:
- Дээр дурдсан хуулийн “Факторингийн үйлчилгээ” гэсэн тодорхойлолтоос үзвэл фактор болон харилцагчийн хооронд факторингийн гэрээ байгуулагдаж, харилцагчийн өөрийн хэрэглэгчээс шаардах эрх нь факторт шилжин ирсэн л бол тэрхүү харилцаанаас гарах хожмын бүх үр дагавар факторт хариуцагдахаар хуульчилжээ. Энэ нь факторингийн үйлчилгээний хоёр төрлийн зөвхөн нэг нь болох “Non-recourse factoring”-ийн хэлбэрийг манай улсад хүлээн зөвшөөрч, хуульчлагдсан гэсэн үг юм. Энэ төрлийн факторингийн үйлчилгээ нь харилцагчийн хэрэглэгч нэхэмжлэлийн үнийн дүнг төлөх чадваргүй болох буюу дампуурсан тохиолдолд харилцагч бүрэн хамгаалагдсан байх, фактор нь харилцагчаас шилжигдэн ирсэн шаардах эрхийн хэмжээнд бүрэн төлбөр хийх, бүх хариуцлагыг өөртөө авах явдал юм.
Фактор ингэж бүрэн хариуцлага хүлээхдээ зээлийн даатгалд хамрагдсан байх бөгөөд энэ даатгалын шимтгэлийг харилцагч тал төлөх бөгөөд шимтгэлийн хэмжээ нь хэрэглэгчийн /шаардах эрхийн үүргийг гүйцэтгэгчийн/ санхүүгийн байдал, шилжүүлж буй шаардах эрхийн хэмжээнээс хамаарч тогтоогдоно.
Тэгвэл үүний эсрэг хэрэглэгч төлбөрийн чадваргүй болсон нөхцөлд харилцагч өөрөө хариуцлага хүлээх, фактороос шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийг буцаан олгох факторингийн үйчилгээний /Recourse/ өөр нэг төрөл байдаг. Манай улс нэгэнт “Nonrecourse factoring’-ийн төрлийг хуульчлан зөвшөөрсөн тул энэ төрлийн факторингийн үйлчилгээ хөгжихөд улс орны санхүүгийн систем бүхэлдээ маш сайн хөгжсөн, сайтар зохицуулагдсан байх ёстой юм. Түүнчлэн одоо үйлчилж буй хууль тогтоомжоо эргэн харах, уян хатан болгох, илүү нарийвчилсан хууль гаргах шаардлага байж болох юм.
Факторингийн гэрээ байгуулах:
Практикт факторингийн гэрээ байгуулахдаа талууд дараахь зүйлийг харилцан тохиролцох шаардлага гардаг байна. Энэ нь нэгдүгээрт, талуудын хооронд факторингийн гэрээ байгуулагдсан л бол гэрээний үйлчлэлийн хугацаанд гарсан бүх шаардах эрх буюу нэхэмжлэлийн үнийн дүнгээ харилцагч нь факторт шилжүүлэх, фактор нь шилжин ирсэн бүх шаардах эрхийг хүлээн авч, урьдчилгаа төлбөр хийх, хоёрдугаарт, гэрээний хугацаанд харилцагчаас ирүүлсэн шаардах эрхийн үндэслэл болон хэрэглэгчээс энэхүү шаардах эрхийн гүйцэтгэлийг хангах боломжтойг нь нотлосны дараа фактор нь тэрхүү шаардах эрхийг хүлээн авч, урьдчилгаа төлбөр хийх гэсэн хоёр үндсэн хэлбэр юм.
Факторын гэрээнд оролцож байгаа факторын үүрэг нь урьдчилгаа төлбөр хийх буюу санхүүжилт хийх, шилжин ирсэн шаардах эрхтэй холбогдуулан данс, бүртгэл хөтлөх, нэхэмжлэлийн шаардлагыгхангуулах, авлага цуглуулах, хэрэглэгч төлбөрийн чадваргүй болж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй болохын эсрэг хамгаалах арга хэмжээ авах зэрэг байдал бол Харилцагчийн үүрэг нь тухайн шаардах эрх үүсэх үндэслэл болсон бодит мэдээллийг факторт өгөх, тухайн шаардах эрх үүссэн үндэслэл нь хууль тогтоомж болон харилцагчаас өөрийн үйл ажиллагаандаа мөрддөг журамд нийцсэн байх явдал юм. Талууд мөн гэрээндээ энэ үйлчилгээ /шаардах эрхээ шилжүүлэх/ нь хэрэглэгчид нээлттэй байхуу /open factoring/, эсвэл хаалттай байхуу /closed factoring/ гэдгээ тодорхойлох, хэрвээ нээлттэй бол шаардах эрх шилжсэн тухай хэрэглэгчид хэрхэн мэдэгдэхийг гэрээндээ тусгадаг байна.
Факторингийн үйлчилгээний үнэ:
Фактороос үзүүлж буй санхүүгийн үйлчилгээний төлбөр нь дараахь 2 төрлийн төлбөрөөс бүрддэг байна.
  • -Урьдчилгаа төлбөрийн хүү
  • -Үйлчилгээний хөлс
Факторын зүгээс харилцагчид шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийн хүү нь ихэвчлэн уг факторингийн гэрээг байгуулсан улсын арилжааны банкуудын overdraft -ийн хүүгийн дунджаар тогтоогддог бол факторийн зүгээс үзүүлэх бусад Үйлчилгээний хөлсийг факторингийн гэрээний хугацаанд харилцагчийн зүгээс факторт ирүүлж, фактор хүлээн авч уг гэрээгээр зохицуулагдах болсон хэлцлүүдийн /факторын хүлээн авсан нийт шаардах эрхүүдийн/ нийт үнийн дүнгийн тодорхой хувиар талууд харилцан тогтооно. Мөн дээр дурдсанчлан Манай улс “Non-recourse factoring”-ийн төрлийг хуульчлан зөвшөөрсөн бөгөөд энэ төрлийн факторингийн үйлчилгээ нь фактор бүрэн хариуцлага хүлээдгийн хувьд зээлийн даатгалд заавал даатгуулах хэрэгтэй болдог бөгөөд энэхүү даатгалын шимтгэлийг харилцагч тал төлдөг нь энэ үйлчилгээний нэмэлт үнэ юм.
Эцэст нь хэлэхэд манай улсын энэ төрлийн харилцааг зохицуулсан хууль тогтоомж уян хатан биш, нарийн тодорхой зохицуулалт байхгүй, энэ үйлчилгээний талаар хийгдсэн судалгаа, шинжилгээ хомс байгаа нь бизнесийн байгууллагын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж болохуйц санхүүгийн үйлчилгээний энэ төрлийг хөгжихөд саад болж болохыг үгүйсгэх аргагүй байна.

1 comment: