Tuesday, February 1, 2011

Сүхбаатарын Батболд

Бизнест дэндүү зоримог шийдвэр гаргадаг энэ эрхэм “Алтай трейдинг” компанийг үүсгэн байгуулжээ. Түүний мэдэлд “Чингис” зочид буудал, “Скай” шоппинг сэнтер”, “Алтай кашемир” болон “Бороо гоулд” ХХК-иуд, “Скайтел”, “Энержи ресурс”-ын хувьцаа байдаг. 
Дэлхий дахинд нэрээ дуурсгасан тэрбумтнуудын бизнест түшсэн зоримог шийдвэр зайлшгүй шаардлагатайг цөөнгүй хэлсэн байдаг. Тэгвэл “Алтай трейдинг” компанийг үүсгэн байгуулагч С.Батболд бизнест дэндүү зоримог ханддаг юм шиг санагддаг. Монголын эдийн засаг сул зогсолт хийгээд байсан 1990 онд дутуу босгочихсон “Чингис” зочид буудлыг авахаас гадныхан ч татгалзаж байхад байхад тэр л зориглон орсон. 
     Мөн Америкчууд ашиглах гээд баралгүй орхисон Бороогийн ордыг алтны үнэ өснө гэх “аз”-д найдаж авснаар хөрөнгө оруулагчдыг татаж чадсан билээ. Тэр ердөө л бизнес хийсэн. Гэхдээ хожмоо “Чингис” зочид буудал, Бороогийн орд хоёроос болж хар, цагаан хэл ам сонсоно чинээ санаагүй байх. “Чингис”-ийг хувьчлах тендерт Тайваньчууд гуравхан саяыг санал болгоод орхисон бол С. Батболд босгож чадсан. Харамсалтай нь, Монголын хамгийн том хоёр зочид буудлаас л гэхэд хэдэн зуу дахин үнэтэй хувьчлагдсан “Чингис” зочид буудал зуны цагт л хэдэн ногооны ашиг олдгоос бус өвлийн цагт мөнгө залгидаг мангас шиг бэрх ажил гэнэ. 

    Бороогийн ордын хувьд Засгийн газар л Тогтвортой байдлын гэрээ хийснээс болоод энэ их хэл ам гарсан. Гэхдуу уг Тогтвортой байдлын гэрээг хийхэд мань эрийн хүчин зүтгэл байсан л даа. Гэвч нүцгэн үнэнээр чухам юу болсоныг та эндээс унших болно. Тэр дэндүү зоримогийг нь бодохоор хурц ширүүн төрхтэй гэж бодмоор харин амьдрал дээр шал эсрэгээрээ үл ялиг инээмсэглэлтэй аядуу зөөлөн нэгэн. Гавъяат Оргойгийн гараар орж физикийн хичээл заалгасан С. Батболд Олон улсын математик, физикийн олимпиадад оролцон хүрэл медаль зүүсэн ч “Түрүүлэх байсан юм” гэж өнөө хэр харамсаж явдагийг бодохоор ер нь түүний ямар хүн болохыг бага ч болов илэрхийлэх байх. Үүнээс гадна тэр зөвхөн ном шагайж, мөнгө бодсон хүн биш. Москвад сурч байхдаа Олон улсын оюутны гүйлтийн тэмцээнд “Азийн шигшээ” гэдэгт багтаж байсан гэдэг. 
    1990 оны дундуур эдийн засаг хүндрэлтэй байх үеэр сагсан бөмбөгийн баг ивээн тэтгэж, Чөлөөт бөхийн холбоог тэргүүлж байсан гээд энэ эрхэм спорттой салшгүй холбогдолтой. Америкт сурдаг ууган хүү нь бейсболын сайн тоглогч гэгдэж сэтгүүлийн хавтсан дээр зурагтайгаа гарсан нь түүний бахархал. Ер нь тэр өндөр ачаалалтай ажиллачихаад гэртээ оронгуут төрөл арилжиж, таван хүүхэдтэйгээ ноцолдож ядаргаагаа тайлдаг сайн эцэг юм билээ. бас нэг сонин зүйл гэвэл аавыг нь Дамдины Сүхбаатар гэдэг бөгөөд Сүхбаатар аймгийнх.
    “Алтай трейдинг” компанийг үүсгэн байгуулагч Батболд 1963 оны 06-р сарын 24нд Улаанбаатар хотод Дамдины Сүхбаатарын гурван хүүхдийн отгон нь болон мэндэлжээ. Түүний эцэг, эх хоёр нь малчны хүүхдүүд агаад хотод суурьшин дээд боловсрол эзэмшсэн 50, 60-аад оны анхны сэхээтнүүдийн нэг. Ээж Янжин нь Гавъяат эмч болсон алтан гартай хүүсүүсийн нэг. Социализмын үед сэхээтнүүд, ер нь сургууль соёл төгссөн хэнийг ч бай хаана ажиллахыг нь нам шийддэг байлаа. Тэр ч жишгээр эмч мэргэжилтэй энэ тэр бүл Дорнодод ажиллахаар томилогдсон аж. Батболд хүү бага сургуулиа Чойбалсан хотод дүүргэсэн юм. Тэрбээр хар багын л итгэмтгий, тэр хэрээрээ биеэ дайчилж чаддаг хүүхэд байжээ. Хэн нэгэн “ Мод сайн услаад байвал “онц” сурдаг юм” гээд хэлчихсэн учраас нэг модыг онцлон өдөржингөө усладаг байсан нь одоо саглагар мөчиртэй өндөр мод болсоныг тэр сураг ажиг тавин сонссон юм билээ.
Түүнийг 4-р ангид ороход эцэг, эх нь хот бараадсанаар Улаанбаатарын хүүхэд болсон гэдэг. Физик, математикийн хичээлдээ сайн байсан болохоор 14-р сургууль руу шилжин Оргой багшийн шавь болж, Олон улсын олимпиадаас хүрэл медаль авчихаад багшдаа зэмлүүлж, бас өөрөө харамссан түүхтэй. Амжилттай суралцахын хэрээр уралдаант шагналтанд өндөр оноо авсанаар Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд элсэн орж эдийн засгийн мэргэжил эзэмшсэн билээ. тэр бага зэргийн наймаа хийж , цагийн ихэнхийг сурч боловсрхдоо зарцуулсанаар Англи, Франц хэлтэй болж чадсан юм. С.Батболдтой нэг курст Халимагийн ерөнхийлөгч Кирсан Үлэмжинов срч байсан бөгөөд тэр хоёрыг шаггүй дотно нөхөд гэлцэх юм билээ. 
    Москвад сургууль төгссөн залуухан эдийн засагчийг Гадаадтай эдийн засгаар харилцах улсын хороонд хуваарилсан нь бас чиг овоо хүн болгочих гэсэн итгэл дааснаас ч тэр үү “ Монгол импекс” нэгдлийн Экспорт фирмийн даргаар очих нь тэр. Ингэснээр С. Батболд аль эрт л бизнесмэн болсон. Харин 1990-ээд оноос нийгмийн байгуулал солигдож, хүмүүс наймаа руу хошуурч байхад түүнд давуу боломж байсан аж. Тэр үүнийгээ ч ашиглаж чадсан. Тэрчухам хаанаас, юу авч, хаана зарвал ашиг олж болохыг алган дээрээ тавьсан юм шиг харж байлаа. 
    1992 онд Дэлхийн зах зээл дээр ноолуурын үнэ навс унав. Улс орон зах зээлийн эдийн засгийг нэгэнт сонгочихсон учраас хэн ч “Монгол импекс”-ээр дамжуулж наймаа хийхээ больсон үе. Чөлөөт худалдааны талаар ямар ч ойлголтгүй байсны улмаас хэнд, хэдээр арилжаалах аа мэдэхгүй нь түүнд харамсалтай санагдаж байсан гэдэг. 
    Ингээд л мань эр бизнес эрхлэхээр шийджээ. Тэр үеэр мэргэжил боловсролтой хүнийг үнэлж, үгийг нь сонсох “ухаантан” бараг үгүй болсон байлаа. Ийнхүү нөхөдтэйгээ нийлж банкнаас 30 сая төгрөгийн зээл авч ноолуур дарсанаа Баруун Европт үнэ хүргэн зарж чадсан юм. Тухайн үед “Говь” –ийн ноолуур агуулахдаа багтахгүй хөглөрч байсан гээд та боддоо. 
    Ганзага зөөгөөгүй хэрнээ ганцхан удаагийнхаа арилжаагаар багагүй мөнгө хуримтлуулж чадсан болохоор бие даасан аж ахуй нэгжтэй байхын тулд “Алтай трейдинг” компаниа үүсгэн байгуулсан түүхтэй. Гадаад худалдааны чиглэлээр мэргэшин ажиллаж байсныхаа хувиар импортын ямар барааг хаанаас авах, оронд нь ямар бараа экспортлох, зах зээлийн багтаамж, хэрэглэгч хэр ихтэй болох гээд бүхий л нарийн ширийн болгоныг мэддэг учраас “Есийн тос” оруулж ирэхээр шийдлээ. Социализмын үед Германы нэгэн компани Монголоос бугын эвэр авч оронд нь ургамлын тос нийлүүлдэг байсныг тэр мэддэг байжээ. Уг Герман эр нь Монголд үлэмж гавъяа байгуулсан гэгдэж “Алтан гадас” одонгоор шагнуулж байж. 
    “Алтай трейдинг” компанийхан ургамлын тос оруулж ирэхээр судалж үзтэл нөгөөх Герман эр замаас нь тоймгүй их ашиг олдог байж таарав. Ингэж “Есийн тос”-оо өөрсдөө импортлож, бугын эврээ Солонгос руу гаргаснаар чамгүй ашиг олж эхлэх нь тэр. С.Батболд нефтийн бүтээгдэхүүн  Монголын импортын барааны 40 хувийг эзэлдэг байсныг сайн мэдэхийнхээ хувиар шатахуун оруулж ирж зарж боохыг анхлан туршсан нь амжилттай болсон гэдэг. 
    Тэр мэдрэмж сайтай гэдэг нь ашигтай байсан ч ирээдүй нь бүрхэг салбарыг зоригтойгоор орхиж чаддаг явдал. Иймээс компаниа зөвхөн ганц хоёрхон төрлийн бизнест түшиглэсэн бус хөрвөх чадвартай болгохыг зорьж байв. “Алтай трейдинг” мөнгө санхүүгийн хувьд бэхжихийн хэрээр худалдаанаас илүүтэйгээр үл хөдлөх хөрөнгө, урт хугацааны “мөнхийн” ашиг өгөх бизнесийг сонирхож эхэлжээ. Өмнө нь тэр мэддэг ертөнцдөө бизнес хийж ашиг олдог давуу талтай байсан бол энэ удаад “танихгүй” салбар руу орохоор нэгэнт шийдэв. Энэ шийдвэрээ С. Батболд одоо “тэнэг” хэмээн нэрийддэг. 
    1986 онд Улс Төрийн Товчооны тогтоол гарч, олон улсын стандартад нийцсэн зочид буудалтаай болохоор Югославуудаар бариулж байсан нь 1996 он гараад ерөнхийдөө зогсох хандлагатай болсоныг зарим хүн мэднэ. Югослав тогооч л гэхэд 1500 долларын цалин авдаг байсныг улс өгч чадахаа больжээ. 
    Ингээд л хувьчлах санаа төрсөн хэрэг. Олон улсын нээлттэй тендер зарласан боловч ганцхан Тайванийн нэгэн компаниас гаалийн татварыг эгнэгт чөлөөлбөл гурван сая доллараар авъя гэсэн санал ирсэн юм байх. Ингээд арга буюу дотооддоо барилгын ажлыг гүйцэтгээд ашиглалтанд оруулахаар тендер зарлах нь тэр.
    Тун удахгүй хөрөнгийн зах зээл дээр томоохон зочид буудлууд үнэгүй шахам зарагдах болно гэдгийг ухаараагүй С. Батболд тендерт оролцохоор маш сайн төсөл боловсруулсанаар “Буян”, “Угалз” зэрэг компаниудын дутуу барьсныг өөрийн болгож чадав. Бүтэлгүйтэл эхэллээ. Өмнө нь Солонгосын “Дэү”, “Кореан эйр” компаниудаас барилгын ажлыг гүйцэтгэж дуусгахад шаардагдах хөрөнгө оруулалт татах аман хэлэлцээрт хүрчихсэн байсан боловч “Чингис”-ийг авсаны дараа Солонгосчууд судалгаа хийж үзээд ашиггүйгээр барахгүй их хэмжээний алдагдалд орно гээд амлалтаасаа буцах нь тэр. Барилга дээр ажиллаж байсан 130 Югослав нутаг руугаа буцахаар шийджээ. Уг компанитай ярьтал ганцхан хувь хөнгөлж болно гэсэн шийд сонсоод мухардалд орох нь тэр. 
    Харин хэлэлцээрийн явцад тоног төхөөрөмж нийлүүлдэг гэх Австрийн нэгэн компанийн нэрийг олж мэдсэн учраас түүнийг олохоор шийдэв. Явсан нохой яс зууна гэгчээр зөвхөн Австри ч бус Европоор нэг тарсан үйлдвэрлэгчидтэй нэг бүрчлэн уулзсаар долоон сая доллар гэгдэж байсан тоног төхөөрөмжийг ганцхан саяд олж авч чаджээ. Үүн дээр ямар нэгэн дүгнэлт хийх нь илүүц биз. Үүнээс тэр мэдээлэл олж авч боловсруулах, гэрээ хэлэлцээр хийх ур чадварыг олж авсан гэж хожмоо дурсан ярьсан байдаг.
    Ингэж Хорватын Шивко гэдэг мэргэжилтэн эр сарын 1500 долларын цалинтайгаар Монгол барилгачдыг удирдан “Чингис”-ийг босгосон юм. “Чингис” ашиглалтанд ороод л “Саалийн үнээ” болчихно гэж төсөөлсөн нь алд дэлмээр зөрөх нь тэр. “182 өрөөтэй уг буудлын ашиглалт өвөлдөө ердөө хорьхон хувь байдаг. Зун олсон ашгаараа өвлийнөө алдагдлыг нөхөөд бага сага юм олдог” гэж С.Батболд дээхэн үед зовлон тоочиж байсан удаатай. Учир нь дулаанд 20 сая, цалинд 20 сая, цахилгаанд 20 саяыг өгдөг гэж “Чингис”-ийн нягтлан ам алдсан нь ортой байх. 
    Гэвч тэр эрж эржэцэст нь нэгэн шилдэг арга олсон билээ. зочид буудлын салбар ихээхэн эмзэг салбар учраас гадны менежмент оруулахаар шийдсэн нь явж явж нүдээ олсон алхам билээ. тиймээс өдгөө зочид буудлаа Энэтхэгчүүдэд менежментийн гэрээгээр өгчихөөд хувь аван санаа амар явах болсон гэнэ. С. Батболд зочид буудал дээр алдаа гаргасан учраас Монголын хөгжилд ихээхэн хувь нэмэртэй, бас ашиг орлого ихтэй гэж үзэн уул уурхайд хөрөнгө оруулахаар шийдэв. Социализмын үед Зүүн Германы геологчид  судалж байсан Бороогийн алтны ордыг Америкийн “Моррисон Кнудсон” гэдэг компани 1992-1995 онд эзэмшсэн нэр зүүж байгаад “ашиггүй” хэмээн лицензийг нь буцааж өгөөд арилсан нь түүний анхаарлыг татжээ. 
    Үндсэн орд атлаа тонндоо дөнгөж 1,7 грамм алттай, тэгээд ч унци алтны үнэ 250 доллар хүртлээ уначихсан байсан учраас орхисон нь тэр. Ингээд тэнд ажиллаж байсан мэргэжилтнүүдтэй уулзаж судлан, тооцоогоо сайн хийж төсөл боловсруулсан учраас тендерт “Эргижү”, “Ажнай” гээд хэд хэдэн компаниас шалгарч “Бороо” –г өөрийн болголоо. Түүний зоримог зан, зах зээлийн талаарх мэдлэг, мэдрэмж нь унци алтны үнэ дор хаяад 320 доллар болтлоо өснө гэж тооцоолсноос “Бороо”-г сонирхсон хэрэг. 
    Гэтэл алтны үнэ урьд өмнө байгаагүйгээр өссөнийг хэн хүнгүй мэдэж байгаа. Чин үэнэдээ “Алтай трейдинг” бүү хэл улсад ч гэсэн “Бороо”-г ашиглахад зарцуулагдах мөнгө байсангүй. Иймээс хөрөнгө оруулагч хайлаа. Австралийн “Портлэн хаус” компанитай холбоо тогтоон Дэвид Лэйнд гэдэг эзэн өвнөгтэй нь дотносч чадав. Алтны үнэ өснө гэсэн Монгол эрийн зоримог зан өвгөнд таалагдсанаар “Эхний ээлжинд гурван сая доллар гаргаж хувьцаа эзэмших”-ийг зөвшөөрсөн төдийгүй дэлхийд уран олдворлолтоор толгой цохьдог Канадын “Кэмико” хэмээх компанитай холбож өгчээ. Уг компани Киргизид 22 тонн алтны нөөц бүхий орд дээр ажиллаж байсан учраас туршлагатай байжээ. Ингэснээр “Бороо гоулд” компани байгуулагдаж ихэнх хувийг “Кэмико” үлдэснийг нь “Алтай трейдинг”, Австралийн “Эй Жм Ар” компаниуд эзэмших болосн юм. 
    “Ардчилсан холбоо” эсвэл засгийн эрхэнд гадаад гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор эхний таван жилд татвараас 100 хувь, дараачийн таван жилд 50 хувь чөлөөлөх хууль баталсан нь “Бороо гоулд”-д ашигтайгаар туссан. Мөн гадныхан Тогтвортой байдлын гэрээг Засгийн газартай байгуулж байснаас ч хоцорсонгүй. “Бороо гоулд” дэндүү их ашиг олсон нь ойлгомжтой. Уг хууль, Тогтвортой байдлын гэрээнээс болж С. Батболд дандаа л таагүй үг сонсох болсон нь үнэн. Магадгүй, нэр нөлөөтэйнхөө хувиар тэр Засгийн газарт нөлөөлснийг ч үгүйсгэх аргагүй. Гэхдээ л ийм хууль баталгсан төрийн түшээд, Тогтвортой байдлын гэрээг үзэглэсэн Ц.Элбэгдорж нар ч уг таагүй шүүмжлэлээс хуваалцах ёстой болов уу? энэ тухайд ямар нэгэн дүгнэлт хийх нь энэ номын зорилго биш. 
    Харин ч цаг үеэ мэдэрч чадсан бизнесмэн ий овсгоо л юм. С.Батболд дараагийнхаа хөрөнгө оруулалтыг аль салбарт оруулахаа ихээхэн хашир тооцоолох болсон нь хамгийн ирээдүйтэй гэгддэг харилцаа холбоог сонгосноос тодхон харагдах болно. 
    Тэр Солонгосын хамгийн том компанийн нэг “Эс Кэй групп”-тэй хамтарч үүрэн телефоны хоёрдогч оператор “Скайтель” компанийг байгуулсан билээ. ингэж тус компанийн 60 хувийг “Скай групп”, 30 хувийг “ Алтай трейдинг” , “MCS” хоёр хувийг эзэмших болсон юм. ”Скайтель” компани 2000 оны байдлаар жилд 2 сая долларын ашигтай ажиллаж байсан бол өнөөдөр нэмэгдсэн нь ойлгомжтой. 
    Тэрбээр “Чингис”-ээ хэрхэн ашиглах, бас чиг итгэлийг нь сүрхий даах болсон Солонгосчуудтай хамтран ажиллахаар чанартай бараа зарах худалдааны төв байгуулахыг хүссэн. Ингэж “Скай шоппинг сэнтер” байгуулагдсан билээ. эхэн үедээ Солонгосын менежерүүд удирдаж байгаад алгуураар Монгол хүний удирдлаганд шилжсэн. 
    “Алтай трейдинг” компани анхлан ноолурын бизнесээр боссоныхоо хувиар энэ салбараа орхидоггүй. Ноолуур боловсруулж , эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Алтай кашемир” компаниа мөн л гадныханд менежментийн гэрээгээр эзэмшүүлэх болсон нь хүч тарамдаж, алдагдалд орохоос сэргийлж чадсан гэсэн үг. 
    Үүнээс гадна Шинэ Зеландын нэгэн компанитай хамтарч жимсний шүүс, ундаа, сүүг Тетрапакийн аргаар савлаж, зах зээлд нийлүүлдэг үйлдвэр ч ажиллуулах болжээ.  Мөн тэр “Таван толгой”-г буй “Энержи русурс”-ын хөрөнгө оруулагчдын нэг гээд бодохоор ирээдүйд “Алтай трейдинг” анхаарлын төвд байх нь ойлгомжтой. Түүний бодолд спортын бизнестэй холбох бодол бий. Харамсалтай нь, төрийн алба хаших болсноор энэ санаагаа түх орхихоос өөр аргагүйд хүрээд байгаа. 

    С. Батболдын хувьд хамгийн эрхэм зүйл нь бол таван хүүхэд нь. Тэр өөрийгөө тэднийхээ төлөө зүтгэж байна гэж ойлгодог. Тэр алив спортод ихээхэн эд дүйтэй нь ажилд нь, амьдралд нь ч нөлөөлдөг юм шиг санагддаг.
    Ямартаа ч  сай, муу хэлүүлэн баялгийг цогцлуулж чадсан энэ эрхэм нэгэнтээ “Би харьцангуй цэвэр хүн шүү” гэж үнэнээсээ өчсөн нь оргүй зүйл биш гэдэгтэй би л лав санал нийлнэ.

No comments:

Post a Comment