Friday, February 11, 2011

Валентин ахаа, баярлалаа

Валентин ахаа, танд баярлалаа. Хайр дурлалд зориулсан энэ өдрийн түүх танаар овоглодог учраас танд “Гэгээн хайрын өдөр”-өөс өмнө амжиж заавал талархах ёстой санагдаад.
2-р сарын 14-ныг хайртай хүндээ сэтгэлээ илэрхийлж, амттан өгдөг “Гэгээн өдөр” гэж хүн бүр мэддэг болж. Бүр дэлхий дахинд гээч. Таны нэр сүм хийдэд уншсан ишлэл номоор чинь биш, адис өгч хайрласан алдартнуудаар чинь биш, гагцхүү хайр дурлалдаа үнэнч хосуудыг загалмайлж, өөрийнхөө амсаж чадаагүй мэдрэмжийг ивээснийхээ төлөө золиослогдсон алтан амиар чинь энэ орчлонд мөнхөрчээ...

Энэ жилийн Валентин даваа гаригт таарч байгаа. Хайртдаа юу өгөхөө бодоод л сууна. Мэдээж байх ёстой хамгийн чухал зүйл бол улаан цаасанд нандигнан боосон зүрхэн хэлбэрт шоколад. Харин бусад нь миний сонголт билээ. Хайрт минь, чамд тун удахгүй зүрхийг минь орлох “Гэгээн хайрын бэлэг” очих болно...
Үүнийг уншиж буй чамд ч бас Гэгээн хайрын өдрийн мэнд хүргэе. Энэ өдөр нэрээр чинь хаягласан амтат шоколад олон олноороо очих болтугай. Чи амтлахдаа харин хэн нэгний тухай заавал бодоорой. Аманд чинь уусан таатай мэдрэмж төрүүлэх тэр агшинд сэтгэлд чинь буусан тэр хүн “Чиний хайрын бурхан” байх болно.
Гэгээн хайрын бурхан ивээх болтугай!

No comments:

Post a Comment