Thursday, February 24, 2011

Инээж чаддаггүй бол тэр худалдаачин биш

Монголын худалдаачид хүнээр гуйлгаж худалдаа хийдэг нь уламжлал болжээ. 
Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн Маркетингийн тэнхмийн багш Д.Нарантуяатай уулзаж ярилцав.
-Та бол худалдааны мэргэжлийн багш хүн. Монголын худалдааны өнгөрсөн үеийг товч дурсана уу?
-Монголын худалдаа өмнөх нийгмийн зохион байгуулалтдаа тохирсон, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж чаддаг байсныг өнөөдөр хэн ч үгүйсгэхгүй. Гэвч ямар бид ямагт хуучныг сайшааж , хуучныг үгүйсгэж болохгүй.Монголын худалдааг шинэчлэх ёстой. Худалдаа хэрэглэгчдийн эрэлтэд нийцэхгүй байна. Ийм олон шалтгаан бий. Юуны өмнө 1990-ээд оны эхээр худалдааг хувьчилсан юм. Тэр үед худалдааны арай томхон төвийг мөнгөтэй хэрнээ худалдаа мэдэхгүй баячууд авсан. Гэтэл худалдаа мэддэг нь худалдааны жижигхэн объект авсан. Яагаад гэвэл тэд мөнгөгүй байсан. Тэгээд л худадааны шинжлэх ухааны мэдлэггүй, зөвхөн ашиг олох сонирхолтой хүмүүс худалдаанд ноёрхсон. Гэтэл худалдаа зах зээлийн шаардлагаар өөрчлөгдөж байх учиртай. Монголын худалдаа зах зээлд хамгийн түрүүнд орсон хэрнээ хөгжил, дэвшлээрээ сүүл барьж явна.


- Та худалдааны өмнөх үеийг магтаж, хойч үеийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм биш үү?
-Уучилаарай. Та буруу ойлгосон байна. Аливаа юмыг болох эсвэл болохгүй гэдгийг бид тунгааж бодох учиртай. Худалдааны өмнөх үед алдаа, онооны аль аль нь байсан. Өнөөгийн худалдаачид ч сайн муу хоёр талтай.

-Сайн тал нь юу байна? 
-Худалдааны олон барилга байгууламж өнөөдөр бий болж байна. Худалдааны хэдэн арван нэгж бий болж болов. Худалдааны лангуу тоног төхөөрөмж цоо шинээр сайжирч байна. Материаллаг талаасаа бол хангалттай болсон.

Тэгвэл дутагдалтай тал нь юу вэ?
- Эдүгээ хэрэглэгчдийн зах зээлийг бий болгох асуудал дутагдаж байна. Мөнгө, бараа солихоор худалдаа гэж үздэг нь буруу юм шүү. Харин хэрэглэгчдийнхээ хүрээг өргөжүүлэх нь худалдааны чансааг тодорхойлдог юм. Худалдааны тоног төхөөрөмж төдийгүй иж бүрэн худалдааны төв гадны хөрөнгө оруулалтаар орж ирж байна. Жишээ нь гэвэл “Скай” худалдааны төв гэж хэлж болно.

Зах зээлийн худалдааг юугаар нь сайн муу гэж дүгнэх юм бэ. Бодвол орох орлогоор л биз дээ?
- Зах зээлийн худалдааг тухайн дэлгүүрт хүмүүс бужигнаж, холхиж байгаагаар дүгнэдэг юм. Яагаад гэвэл өнөөдөр дэлгүүрт хүмүүс бужигнаж байна гэдэг маргааш олон хүн худалдаа хийнэ гэсэн үг. Гэтэл манай худалдаачид зөвхөн худалдан авагчидтай ажилладаг. Зүй нь худалдан авагчид төдийгүй тэр дэлгүүрээр холхиж байгаа хүмүүстэй ажиллах ёстой юм шүү дээ.

Таны ярьж байгаа сонин санагдаж байна. 
- Өнөөдөр дэлгүүрээр холхигчид чинь сонголтоо хийж байгаа юм. Тэдэнд элэгсэг сайхан хандвал маргаашийн гүйлгээнд хэрэгтэй.
Ингэж олныг татахын тулд худалдагч яах ёстой вэ? 
- Ийм нөхцөлд худалдагч өөриймсөг, жинхэнэ хүнлэг сэтгэл гаргах учиртай. Өөрөөр хэлбэл, худалдан авагчийн сэтгэл зүрхэнд гүн нөлөө үзүүлэх учиртай. Сэтгэл зүйн үйлчилгээ гэж худалдаанд байдаг юм .

Таны хэлж байгаагаар бол худалдан авагчаасаа илүү, худалдаа хийгээгүй холхигчдод худалдагч үйлчлэх ёстой гэж үү? 
- Яг үнэн. Тийм шүү. Худалдаачин ороод гарч буй хүнийг гадаад имижээрээ татах ёстой. Хэрвээ чи инээж чадахгүй бол худалдаачин байж чадахгүй гэсэн үг байдаг.

Манай худалдаачдын залуу үе л ийм алдаа гаргаад байна уу? 
- Үгүй . Ахмад худалдаачдын арга барил технологи ч бас хоцорсон. Одоо бол цаг үедээ тохирсон цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлэх учиртай.
Супер маркет гэсэн дэлгүүрийг худалдааны хамгийн дээд хэлбэр гэж ойлгож болох уу? 
- Болохгүй. Супер гэсэн сүрлэг нэртэй ч одоо ажил үйлчилгээгээрээ тэр хэмжээнд хүрэхгүй нь олон байна. Нэг нь нөгөөгөөсөө ялгарах дэлгүүр олон байх нь чухал.

Монголын дэлгүүрийн худалдаачид мэргэжлийн танд хэр таалагддаг вэ?
-Одоо бол дэлгүүр олон учир нэг худалдагчид үйлчлэгч цөөрсөн. Ийм нөхцөлд худалдаачид худалдан авагчидтай харилцах соёл эзэмших нь чухал. Тэгтэл Монголын худалдаачид ямагт хүнээр гуйлгаж худалдаа хийдэг нь бараг уламжлал болжээ. Худалдаачныг гуйж аргадаж худалдаа хийдэг улс гүрэн бол Монголоос өөр байхгүй бизээ. Хичнээн сайхан хүүхэн байсан ч тэр бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж чадахгүй юм бол цаашид явахгүй. Сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэдэг нь харилцааны соёл гэсэн үг. Худалдааны технологи гэж байна. Түүнийг баримтлах учиртай. Монголын худалдааны хөгжил сул байгаа. Худалдаачид өөрчлөлт хийх цаг болсон. Гадаадынхан Монголын худалдааг соёлгүй гэж үздэг нь бодит үнэн шүү дээ.

No comments:

Post a Comment